Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Чуулганы нэгдсэн хуралдаанаар долоон хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.02/ нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Дараа нь “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хаалттай горимоор хэлэлцсэн юм.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав

Ингээд оройн 19 цаг 07 минутад чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, эхлээд Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхны ахмад зүтгэлтнүүдийг хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэгийн тухай хуульд зааснаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадаагүй аж. Харин хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр Улсын Бага Хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай санал дэмжигдсэн тул төслийн 7.1.3 дахь заалт, 10.2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т зааснаар дахин санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн санаачлан боловсруулж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм. Тус Байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй аж. Иймээс нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, үг хэллэгийн зарим засвар хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бүхэлд нь батлав. Хууль батлагдсанаар төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, үг хэллэгийн зарим засвар хийж, эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж баталлаа. Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарах юм. Харин ерөнхий боловсролын сургууль, их сургуүль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй аж.

Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 91 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн талаар гаргасан 5 саналын томьёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна. Цагдаагийн генерал гэдэг цол шинээр бий болгож, Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог байх, цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж нас барсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг ар гэрт нь олгох, цагдаагийн байгууллагын төсвийг өмнөх жилээс бууруулахыг хориглох зэрэг зарчмын зохицуулалтууд оруулж байгааг ажлын хэсгийн ахлагч дурдлаа.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлд “Засаг дарга тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна” гэсэн агуулгатай 16.6 дахь хэсэг нэмэх, төслийн 21 дүгээр зүйлийн 21.1.15 дахь заалтыг “цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвийг төлөвлөх, Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хороогоор хянуулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох” тухай 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийг “Хүүхэд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд өртсөн бол тэдгээрийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн дараахь арга хэмжээг авна” гэж өөрчлөхөөр тогтов. Ийнхүү Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Хуулийн шинэчилсэн найруулгны төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хийсэн юм.

Байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын зарим засварыг төсөлд тусгаж эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Мөн хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэснийг хэлэлцэж дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулан хариулт авсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Улмаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын эхний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэгдсэн хуралдаанаар төслийг батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив. Уг хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм.

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дэгийн хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Байнгын хорооноос боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хуралгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.4 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж, Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн 2017 оны төсөвт тусгагдаагүй татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх учир төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн дөрвөн салбарын хүрээнд нь дэмжээд, гарах үр дагаврыг нь тодорхой хугацаанд харах нь зүйтэй, иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай байна гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Мөн татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг төсөлд нэмэх талаар гишүүдийн гаргасан саналуудыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив. Уг хууль батлагдсанаар татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болж байгаа юм.

Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгож хэлэлцжээ. Мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ тус Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын нэр бүхий 30 гишүүний санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулав.

Тус Байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс анхдагч хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 22, дагалдаж өргөн баригдсан хуулиудын төслийн зарчмын зөрүүтэй гурван санал бэлтгэснийг санал хурааж шийдвэрлэн энэ талаархи санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамтаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

Ингээд Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ зүйлийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж зөвлөлдөх санал асуулгын үр дүнд нөлөөлөх, санал асуулгын дүнг санаатайгаар гуйвуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 5.2 дахь хэсэг нэмэх, төслийн 6.3 дахь хэсгийг “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 6.1-д зааснаас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулж болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 11.11 дэх хэсэгт “Энэ зүйлийн 11.4-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна” гэж нэмэх, төслийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 11.10.4 дэх заалтад заасан хөтлөгч нь өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож нөлөөлөхийг хориглоно” гэсэн агуулгатай 11.15 дахь хэсгийг тус тус нэмэхээр тогтов. Түүнчлэн зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлыг улсын төсөв, орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 19 гишүүний санаачилж өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм. Тус Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 01 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй 43 саналын томьёолол гаргасныг нэгбүрчлэн санал хурааж шиийдвэрлэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 8.2 дахь хэсгийг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна” гэж, төслийн 23.1.3 дахь заалтыг “Хөгжлийн банкны санхүүгийн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг баталж, түүний үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд хүргүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Мөн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний шалгуурын талаархи төслийн 19.5 дахь хэсэг, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүрэгтэй холбогдолтой төслийн 20.1, 20.2 дахь хэсгийг тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Түүнчлэн төслийн 25.1 дэх хэсгийг “Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавх журам, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, төслийн 26.2 дахь заалтыг “Хөгжлийн банкны дотоод аудитын нэгж нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан банкны бодлого, төлөвлөгөө, төсөв болон бусад шийдвэрийн хэрэгжилт, дотоод хяналтын үйл ажиллагаанд аудит хийж, зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үргэлжлүүлэн “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжжээ.

Байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн мөн 86.7 хувь нь дэмжив.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 12 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн 23 цаг 47 минутад завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.