Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг зохицуулсан хуулийн төслүүд батлагдсан талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2017.02.03/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  эцэслэн баталсан юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“-Энэ хоёр хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан зарим асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах гэсэн багц асуудлыг зохицуулахаар тусгасан.

Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Нэгдүгээрт, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахаар зохицуулалт хийсэн. Олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно. Хэрэв зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр есөн жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ээжүүд тэтгэвэрт гарахдаа цөөн жил ажилласан байдаг, бас эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс хамаараад нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээ маш бага гардаг. Тийм учраас дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмэгдэж, улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил өндөр тогтоогдож, цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь өндөр тооцогдох юм. Ингэснээр ээжийн авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, ээжүүд дийлэнхдээ хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарч, хамгаалж, өсгөж, хүмүүжүүлдэг учраас энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, төлөгддөггүй. Олон хүүхэд төрүүлж, өсгөх тусмаа тухайн ээжийн улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл тасалдаж, бага тэтгэвэр авах нөхцөл болдог. Тийм учраас гурван нас хүртэл нь  хүүхдээ өөрийн биеэр  асарч хамгаалж, бойжуулж байгаа ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн хугацаа тасалддаггүй байх зохицуулалт хийсэн.

Албан журмын даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд даатгуулсан ээж хүүхэд төрүүлээд, хүүхдээ гурван нас хүртэл асарч бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлдөг байя гэж буй юм.

Улсын хэмжээгээр 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг  судалгаа, тооцоо бий. 90 орчим мянган ээжийн 30 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тийм учраас ямар нэг ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан төлдөг байя, 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн зохицуулалт хийсэн байгаа.

Мөн, манай ээжүүдийн нэг хэсэг албан журмын даатгалд, нөгөө хэсэг нь сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгагдсан хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг. Харин бидний санаачилсан хуулийн зохицуулалтаар даатгуулсан л бол даатгагдсан хэлбэрээсээ үл хамаараад 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авдаг байхаар тусгасан.

Гуравдугаарт, хуучин хуулиар ээж хүүхдээ төрүүлээд, асарч хамгаалж байх хугацаандаа дахин жирэмсэлж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бол тэтгэмжийг өгнө. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг байсан. Тийм учраас бид үүнийг өөрчилж байгаа. Төрөлт болгонд амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг авч байх зохицуулалт хийсэн.

Энэ хуулинд орсон малчидтай холбоотой зохицуулалтын талаар мэдээлэл өгье.

Улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Нийт ажиллагсдын 30 орчим хувийг малчид эзэлдэг. Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурийн газрын бид өдөрт найман цаг, нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг бол малчин хүний өдөрт үргэлжлэх ажлын цаг найман цагаар хязгаарлагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий тасартал ажил нь үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж, нар салхинд хамгийн ихээр гандаж явдаг энэ хүмүүсийн дундаж наслалт төв суурийн газрын хүмүүсээс доогуур байдаг. Энэ нөхцлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулж байгаа юм. Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гарч байгаа. Харин бидний санаачлан батлуулсан энэ хуулиар эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ.

Бидний санаачлан боловсруулж, батлагдсан хоёр дахь хуулийн төсөл нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль юм.

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд  юм. Тэгсэн мөртлөө малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна. Нийт ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа малчин, хувиараа  хөдөлмөр эрхлэгчид ийм бага хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь эдгээр хүмүүс нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Тиймээс нийт ажиллагдсын 47 хувь атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлт асар бага энэ бүлэгт нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж бид үзсэн. Энэ утгаараа бид малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх энэ хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан.

Малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа юм. Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эхчүүд, малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна” хэмээн мэдээлэл өгөв.

Дараа нь хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн барьсан гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.